Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийн хувьд малчид 1.1 сая тн өвс хадлан бэлтгэсэн нь нийт бэлтгэвэл зохих өвсний 94.0 хувийг бэлтгэсэн байгаа талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээллээ.
Гол эрсдэл нь энэ жил улсын хэмжээнд нийт 71.2 сая толгой мал өвөлжиж, хаваржих тооцоолол гарсан нь өвөл, хаврын бэлчээрийн даац нийт малын 40.0 хувьд л хүрэлцээтэй байна. Өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгаа учраас махны экспортыг нэмэгдүүлж адуу, ямаа, хонины махыг ковотгүйгээр экспортлох зөвшөөрөл олгосон байна.
Түүнчлэн “Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний дүнгээс харахад Ховд аймаг “Маш их”, Өмнөговь, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Завхан аймгууд “Их”, Архангай, Говь-Алтай, Увс аймгууд “Дунд” эрсдэлтэй дүгнэгдсэн байна. Үнэлгээгээр эрсдэлтэй дүгнэгдсэн, өвөлжилт хүндрэх нь нэгэнт тодорхой болсон зарим аймгуудаас судалгаа авч үзэхэд 2022 оны 11 дүгээр сард Засаг даргын нөөц хөрөнгийн үлдэгдэлгүй болсон байна. Энэ нь аймаг орон нутагт эрсдэлд суурилсан гамшгаас хамгаалах, менежмент муу байгааг илтгэн харуулж байна”. Тиймээс 2022-2023 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй аймгуудад өвс, тэжээл нэмэлтээр худалдан авах, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх үйл ажиллагаанд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр боллоо.