Санал болгох
Цэнхэр гаригийн ямар ч амьтанд хоногийн болон улирлын идэхтэй үе гэж байдаг. Энэ нь цаг агаарын өөрчлөлт, хүйтэн дулаан зэрэг улирлаас хамаарахаас гадна өдөр шөнийн үргэлжлэх хугацаа, идэш тэжээлээс шалтгаалдаг байна. Ихэнх эрвээхэй авгалдай, хүүхэлдэйн шатыг дамжин бойжих гэж хэдэн жил зарцуулдаг. Гэтэл бие гүйцсэн хойноо цөөхөн сар амьдардаг. Бүр хэдхэн цаг, үржилд орж, өндгөө үлдээх зорилготой эргэлдэн нисээд үхдэг эрвээхэй ч бий. Харин үлийн цагаан оготно, үхэр огдой өдөр шөнийн аль ч үед идэвхтэй амьдардаг бөгөөд зөвхөн тохиромжгүй үед ичнэ. Гэхдээ эдгээр амьтдыг ичдэг гэхэд арай болохгүй. Учир нь тэд өлийн хүйтэнд намар нөөцөлсөн өвсөө идээд дулаарахыг хүлээж нүхэндээ хэвтдэг гэвэл илүү тохирно хэмээн судлаачид үзжээ.
Өвөл ичдэг жинхэнэ ичээний амьтад гэвэл баавгай, сарьсан багваахай, зараа, олон төрөл зүйлийн мэрэгч, зурам, тарвага, алагдаахай зэрэг амьтад юм. Тэд намар их хэмжээний өөх хуралдуулан таргалдаг бөгөөд ичээнд орсон үедээ биеийх нь дулаан зарцуулалт хоол тэжээлээ боловсруулах явц нь хэд дахин удааширдаг байна. Амьсгалах давтамж болон зүрхний эргэлт нь хүртэл бараг зогсоно. Тухайлбал, зурамны зүрхний цохилт жирийн үедээ минутанд 90 байдаг бол ичсэн үедээ 8-25 болж буурлаг байна. Биеийн халуун нь 38 хэмээс 4 хэм хүртэл буурч, амьсгал авах тоо нь 10-аас хоёр болж цөөрдөг байна.
Ичээнээс гарах дохио нь ердөө л өлсөх хэмээн эрдэмтэд тайлбарлагдаг байна. |