Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагч залууд зодуулж, ухаангүй ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
"Цагдаагийн байгууллагад энэ сарын 8-ны өдөр гэмтлийн байгууллагаас бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй ухаангүй ирсэн гэх мэдээлэл бүртгэгдсэн. Гурван насны Б нь бусдад зодуулсан байдалтай ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Шалгалтын явц нь хүүгийн ээж болох Л-ын хамтран амьдрагч Э нь 3-6 насны хүүхдүүдийг харж үлдэхдээ 3 настай Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон.
Гэмтлийн зэргийг тогтоохоор шинжээч эмч ажиллаж байна. Яллагдагч Э нь өмнө нь хүний биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байсан. Хүүг гуравдугаар сарын 6-нд зодсон. Улмаар хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэсэн. Хүүгийн ээж Л нь тус эрэгтэйтэй энэ оны нэгдүгээр сараас хойш хамтран амьдарсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Г.Мөнхбаяр мэдээллээ.
3 настай хүүгийн 6 настай ахыг олсон, өвөө эмээгийнхээ гэрт байгаа гэж тэрээр мэдээлллээ.