Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх ажлын хэсэг байгууллаа.

Улс төр
January 05, 2020
1054

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх ажлын хэсгийг ахлахаар болоо. Ингээд түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ахмадуудын тэтгэврийг тэглэх нь зөв үү?

-Ерөнхий сайдын захирамжийн дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ажлын хэсэг байгуулан төсөл боловсруулж Их хуралд танилцуулах шаардлагатай боллоо. Одоогоор 231 ахмад 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна. Ахмадууд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеэс л ажиллаж, улс эх оронд залуу насаа зориулсан хүмүүс учраас төрдөө үнэлэгдэн зээлээ тэглүүлэх нь зөв.

-Ахмадууд яг өөртөө зориулж зээл авдаг уу. Энэ талаар нарийн судалгаа байгаа болов уу?

-Нарийн судалгаа байхгүй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдоход тэтгэврийн зээл 12 хувийн хүүтэй байсан бол одоо 10 хувьтай болсон. Хоёр ба түүнээс дээш жилээр тэтгэврийн зээл авбал 18 хувийн хүү төлдөг байсан. Харин өнгөрсөн оны аравдугаар сараас 16 хувь болгож бууруулсан. Бидний тооцож байгаагаар энэ оноос 10 хувь болох ёстой. Энэ нь бусад зээлийн хүүтэй харьцуулахад маш бага. Тиймээс ахмадууд ач зээгийнхээ сургалтын төлбөр, хүүхдүүдийнхээ байр, машины мөнгийг төлөхд зарцуулагдаж байгааг үгүйсгэх аргагүй. Тэтгэвэр гэдэг бол ахмадуудын сарын хэрэгцээг хангах ёстой зүйл. Гэтэл энэ төрлийн зээлийг барьцаалан өгдөг нь буруу юм. 

-Тэгэхээр тэтгэвэр барьцаалж зээл өгөхөө болино гэсэн үг үү?   

-Би өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгчтэй уулзсан. Тэрээр хэдэн хэдэн зүйл хэлсэн. Нэгд, тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэлээ гэхэд цаашдаа иргэдийнхээ сарын амьжиргааны хэрэгсэл болсон мөнгийг барьцаалах үйлчилгээг зогсоох, өөрчлөх хэрэгтэйг хэлж байна лээ.  Хоёрт, зээлд хүү төлөгдөж байгаа. Тиймээс нэгдүгээр сарын 1-нээс эхлээд тэглэнэ гэх юм бол энэ хүртэлх хүүг л хамт төлөх учиртай. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд хүү багатай байршуулж тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү багасгаж байгаа. Тиймээс өнөөдрөөс эхлэн арилжааны банктай байгуулсан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах гэрээг цуцлах. Байршуулсан мөнгийг буцааж татах хэрэгтэй гэсэн.

-Ямар банкинд тэтгэврийн зээл их авсан байдаг бэ?

-Ахмадуудын 95 хувь нь Төрийн банк болон Хаан банкаас зээл авсан байдаг. Иргэдэд төр тэгш хандахгүй байна гэж хэлж байсантай санал нэг байна. Гэхдээ амьдралын шаардлагаар авсан зээлийг тэглэхэд буруу зүйл байхгүй. Ер нь цаашдаа тэтгэвэр барьцаалан зээл олгодог тогтолцоог зогсоох эсэхийг яригдана. Нэг удаа тэглэхээр ахмадууд дахиад зээл авна. Мөн тэтгэврийн зээл аваагүй 180 гаруй ахмадууд байгаа. Тэдгээр ахмадууд дахиад зээл авбал ирэх онд дахиад тэтгэврийн зээл тэглэх тухай асуудал гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бүрэн зогсоох гэхээс илүү тэтгэвэр барьцаалсан зээлийг өөрчлөх солих саналыг Монголбанкинд би сүүлийн хоёр жилийн хугацаанд тавьсан.

-Яг хэзээ тэглэх бол?

-Зөвлөмж гарснаар шууд тэтгэвэр тэглэгдэхгүй. Байгалийн баялгийг ашиглах шийдвэрийг Их хурал шийдвэрлэх учраас манай ажлын хэсэг ажиллан төсөл өргөн барьж тэндээс тодорхой шийдвэр гарна. Өнөөдөр бол бид нэгдүгээр сарын тэтгэврээ олгочихсон байгаа. Их хурлаас шийдэгдээгүй байгаа учраас арилжааны банк ахмадуудын  зээл, зээлийн хүүг авчихсан байгаа. Хэрэв Их хурлаас нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийн зээлийг тэглэнэ гэвэл буцаан олгох хэлбэрээр өгөх ёстой болно. Хамгийн гол нь Засгийн газрын тодорхой шийдвэр л хэрэгтэй байна. Ямартай ч бид яаралтай төсөл боловсруулж өгнө.

-Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийн нэг гишүүн уг шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа гэж байсан. Ерөнхий сайд үүнийг дэмжиж байгаа юу?  

-Үндэсний аюулгүй байдал чинь гурван гишүүнтэй. Гурвуулаа зөвшөөрч  байж шийдвэр гарж, зөвлөмж гаргасан гэж ойлгосон.

Сэтгүүлч Ц.Дуламсүрэн

 
Сэтгэгдэлүүд