Мөн Youtube Local, Android төлбөрийн үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүлэхээр болов. Энэхүү үйлчилгээнүүд Монголд нэвтэрснээр стартап, апп хөгжүүлэгчид Android in-app purchase-аар орлогын эх үүсвэртэй болох төдийгүй Монгол контент бүтээгчид Youtube-ээр орлого олох боломж бүрдэх юм. Тус үйлчилгээг бүрэн нэвтрүүлэхэд “Google” компаниас шаардлагатай бэлтгэл ажлыг богино хугацаанд хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.
“Google” компани Монгол Улсын боловсролын салбарт 10,000 багшийг цахим ур чадвартай болгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов. Эдгээр багш нар нь цаашид бусад багш нараа сургаж бэлтгэхээр төлөвлөсөн байна.
Монголын залууст өргөн цар хүрээний боломжийг нээх үүднээс кибер аюулгүй байдал, дата аналитикс, төслийн менежмент, цахим худалдаа, маркетинг, IT инженерийн чиглэлээр “Google Career Certificate” хөтөлбөрт 1000 залуусыг хамруулах дэмжлэгийг “Google” компаниас үзүүлнэ. Энэхүү хөтөлбөр нь залууст цахим салбарт амжилт гаргахад шаардлагатай дэлхийн хэмжээний мэдлэг, ур чадвар олгох, чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чиглэнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн Газар, “Google” компанийн хамтын ажиллагаа нь инновацын шинэ давалгааг бий болгож, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд түлхэц өгч, бүс нутгийн технологийн орон зайд тэргүүлэгч болгоход томоохон хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийллээ.